Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв”-ийг санаачлан хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа

A- A A+
Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв”-ийг санаачлан хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпорацитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд гэр хорооллын иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээг төслийг санаачлагч Петровис Групп, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, төслийг хэрэгжүүлэгч Улаанбаатар нийтийн үйлчилгээ компани, төслийн хамтрагч НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн төлөөллүүд хамтран нээж, бэлгэдлийн тууз хайчилснаар үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Петровис Группийн Хөрөнгө удирдлагын газрын захирал, Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвийн захирал А.Хүдэр-Эрдэнэ:

“Бид зөвхөн нэг барилга барих бус, иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах, эрүүл ахуй, тав тух, аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүл, хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх цогц орчныг бий болгохыг зорьсон. Шинээр ашиглалтад орж буй энэхүү төв нь олон жилийн турш оршин суугчдын хэрэгцээнд үйлчилж, хамтдаа хөгжих эерэг орчин бүрдүүлж, гэр бүлийн хөгжилд хувь нэмэр оруулах үнэ цэнтэй орон зай болно гэдэг найдаж байна” хэмээв.

Арга хэмжээнд төслийн хүрээнд үйлчилгээ авах боломж бүрдэж буй Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд, хүүхэд багачууд өргөнөөр оролцож, шинэ төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нээлтийн үеэр иргэдэд зориулсан олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд урлагийн тоглолт, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт хөтөлбөрүүд, үлгэрийн баатруудтай уулзалт, зургийн уралдаан, сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд хүүхэд багачуудын талархлыг хүлээв.

Тус төв нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын стандартад нийцсэн 400м² талбай бүхий 2 давхар цогц үйлчилгээний төв бөгөөд Герман архитектор Frieder Scheuermann-ы гаргасан төлөвлөлт дизайнаар баригдсан юм.

Улаанбаатар хотын хүн амын 55–60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд халуун ус, угаалга, ахуйн үйлчилгээний хүртээмж өнөөдөр ч тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Төсөл хэрэгжсэн тус бүсэд 8000 гаруй хүн амд ердөө 2 нийтийн халуун усны газар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд зарим иргэд 2–3 км зам туулж үйлчилгээ авдаг байсан юм.

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд бодит шийдэл болж, иргэдийн эрүүл ахуй, тав тух, аюулгүй орчныг сайжруулахын зэрэгцээ тухайн хорооны иргэдэд ажлын байр, олон нийтийн хөгжлийн шинэ орон зайг бүрдүүлж байна.

Төвийн 1-р давхарт автомат угаалга хатаалга, нийтийн халуун ус, саун, үсчин, дэлгүүр зэрэг өдөр тутмын ахуйн үйлчилгээнүүд төвлөрсөн бол 2-р давхарт хүүхэд хөгжүүлэх төв болон олон нийтийн зориулалттай орчныг шийдэж өгсөнөөрөө онцлог юм.

Мөн төслийн хүрээнд тухайн хорооны иргэдээс бүрдсэн шууд болон шууд бус 5-8 ажлын байр шинээр бий болгож, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг тухайн хорооны иргэдэд үлдээх тогтолцоог бүрдүүлжээ.

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой шийдэл

Төслийг эрчим хүчний хэмнэлттэй барилга буюу ногоон барилгын стандартыг хангах зарчмыг баримталж төлөвлөсөн.

Тухайлбал, ахуйн хэрэглээнээс үүсэх бохир усыг саарал ус болгон хөрсөнд шингээх систем, мөн хаягдал агаарын дулааныг дахин ашиглах HRV (Heat Recovery Ventilator) системийг суурилуулснаар эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломж бүрджээ.

Эдгээр шийдэл нь хөрс, усны бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах, иргэдэд илүү эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн орчин

Петровис Группийн ашгийн бус нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж, төвийн олон нийтийн хөгжлийн хэсэгт хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Петровис Группийн зүгээс зөвхөн анхны хөрөнгө оруулалтыг хийгээд зогсохгүй цаашдын ашиглалт, үйлчилгээний стандарт, аюулгүй байдал, менежментэд тогтмол дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.

Энэхүү төсөл нь дэд бүтцээс алслагдсан бүсэд амьдарч буй иргэдэд олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ хүргэхээс гадна хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын бодит, тогтвортой хөрөнгө оруулалтын шинэ жишиг болж чадаж байна.