Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт бодит хувь нэмрээ оруулж, хөгжлийн түүчээ болж буй шилдэг бизнес эрхлэгч байгууллагуудыг тодруулдаг “ENTREPRENEUR-2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 23 дахь жилдээ болж өнгөрлөө.Бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой, тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай энэхүү шалгаруулалтын Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “ENETRPRENEUR” байгууллагаар Петровис Групп шалгарлаа.
Петровис Групп нь 2019 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн дөрвөн чиглэлд дангаар болон хамтарсан 10 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, бизнесийн байгууллагуудаа манлайлсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ.
2019 онд Петровис Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд дангаар болон хамтарсан төсөл, хөтөлбөрүүдээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдая.
Бидний цөөхөн монголчууд төсөл: Бид үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэгч байгууллагын хувьд “Мөнхчулуун” сангийн санаачлагаар улс орон даяар гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн монголчууд” төслийг дэмжин хамтран ажиллаж байна. Өнөөгийн Монголчуудын амьдрал ахуй, өв соёл, ёс заншил, хүрээлэн буй байгаль орчны унаган төрхийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулган архивлаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү төсөлд бид өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.
Rally For Rangers хөтөлбөр: Монгол экологи ТББ-ын хамт олны санаачилгаар Rally For Rangers хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн байгаль хамгаалагчдад Японы YAMAHA брэндийн найдвартай, туулах чадвар сайтай 15 мотоцикль хүлээлгэн өгөх хөтөлбөрт хамтран ажиллалаа. 2018 онд мөн Хөвсгөл аймгийн 16 байгаль хамгаалагчид мотоцикль хүлээлгэн өгөх төсөлд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, аюул осолгүй мотоциклуудыг байгаль хамгаалагчдад хүргэхэд зарцуулах бүх шатахууныг мөн хандивласан билээ.
“Яараад яахав дээ…” аяны хамтрагч: Зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, эрүүл элэг бүтэн Монгол айл өрхийн төлөө Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн Албанаас хамтран эх орон даяар хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ…” аянтай хамтран ажиллалаа. Олон нийтэд эерэг мэдээлэл түгээх, хамтдаа өөрчлөгдөх зорилгоор эхлүүлсэн тус аяны үр дүнд орон нутгийн зам тээврийн осол 60 хувиар, нийслэл Улаанбаатар хотын зам тээврийн осол 40 хувиар тус тус буурсан сайн үзүүлэлттэй байгаа бөгөөд Петровис Группийн хамт олонд ЦЕГ-аас тусгайлан ТАЛАРХАЛ гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн юм.
Оюуны болон багийн спортыг дэмжигч: Олон улсын болон тив дэлхийн чанартай спортын олон уралдаан, тэмцээн тэр дундаа Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн Тусгай олимпийн зуны наадам, Турк Улсын Анталъя хотноо зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, Бадминтоны дэлхийн чансаа тогтоох Олон улсын тэмцээн, Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, MGL 3×330 сагсан бөмбөгийн тэмцээн, “Монгол дахь хоккейн өдрүүд” зэрэг арга хэмжээнүүдэд улсаа төлөөлөн оролцсон тамирчдыг дэмжин, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах их амжилтад хөтөллөө.
Тэрчлэн эх орны өнцөг булан бүрт байрлах 400 орчим ШТС-аараа дамжуулан бүхий л сум суурин, хилийн боомтод хүрч үйлчлэн чанартай шатахууныг найдвартай, тасалдалгүй хүргэдэг нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буйн томоохон жишээ гэж болно.
Ийнхүү Петровис Групп нь “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон нь санхүүгийн чадавхи, шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэгч, хэрэглэгчдэдээ хүргэдэг шилдэг үйлчилгээгээрээ бизнесийн салбартаа тэргүүлээд зогсохгүй компанийн бат бэх оршин тогтнох үндэс болсон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг компани болохоо харууллаа. Бид цаашид ч нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийгэмдээ үлгэр жишээ Энтрепренер байхын төлөө улам бүр чармайн ажиллах болно.Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран зүтгэж, биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид болон эх орны дөрвөн зүг найман зовхист хөгжлийг хамтдаа түгээдэг нийт ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье.
БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ.