Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг уламжлалт ТОП-100 жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран зохион байгуулж, 2025 оны эрэмбийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Энэ онд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хэмжээний хүрээнд тус танхим нь санхүүгийн үзүүлэлт, татварын сахилга бат, ажлын байрны тогтвортой байдал, бизнесийн ил тод байдал зэрэг шалгуурыг үндэслэн орчин үеийн стандартад нийцсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг билээ.

Газрын тосны салбарт манлайлсаар байна
Энэхүү нэр хүндтэй жагсаалтад НИК ХХК 9 дүгээр байрт шалгарч, газрын тосны салбараас дангаараа ТОП-10-т багтсан амжилтаа дахин бататгалаа. Компани нь олон жилийн турш салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалж, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсэн.
Петростар ХХК энэ удаа 69 дүгээр байрт шалгарлаа. Тогтвортой өсөлт, хэрэглэгч төвтэй үйл ажиллагаа, шинэлэг шийдлийг тууштай хэрэгжүүлсний үр дүнд компанийн нэр хүнд жилээс жилд бэхжсээр байна.
Петровис Группийн салбар компаниуд тус жагсаалтад тогтмол багтаж ирсэн уламжлалаа энэ онд ч үргэлжлүүлж, бүлгийн хэмжээнд нийт 47 дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Энэ нь зөвхөн нэг компанийн биш, харин бизнесийн нэгдсэн соёл, хариуцлагатай засаглал, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын үр дүн юм.

Биднийг сонгож, итгэл хүлээлгэсэн эрхэм хэрэглэгчид болон салбартаа манлайлан ажиллаж буй нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид ч улам өндөр амжилтыг хамтдаа бүтээж, хөгжил дэвшлийн хөдөлгүүр бүрийн төлөө тууштай ажиллах болно.


