Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос хойш Rally for Rangers аянтай хамтран ажиллаж байна. Хүний хөл үл хүрэм алс хязгаарт хүй олноос шигшигдэн үлдэж албан үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Монгол улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. Эдгээр тусгай хамгаалалттай газар оршин сууж, нутаг орноо хайрлан хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй байгаль хамгаалагчдад ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай унаагаар хангах зорилготой Rally for Rangers аянтай Петровис Групп 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Монгол Экологи төв ТББ болон Петровис Групп хамтран хэрэгжүүлж буй Rally for Rangers аяны хүрээнд одоогийн байдлаар 100 гаруй байгаль хамгаалагчид бартаат замын туулах чадвар сайтай мотоциклийг хүлээлгэн өгөөд байсан.
Энэ удаад Rally for Rangers олон улсын аян 8-р сарын 15-наас 28-ны хооронд үргэлжилж, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй 15 байгаль хамгаалагчдад Yamaha маркийн мотоцикл хүлээлгэн өгөхөөр аян замдаа гарлаа. Петровис Групп байгаль хамгаалагчад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэхээр зорих Rally for Rangers аяны бүхий л авто тээврийг шатахуунаар хангах юм.
Дашрамд мэдээллэхэд Хөвсгөл аймгийн Улаан тайга гэх энэхүү газар нь цэвэр усны арвин нөөц бүхий өндөр уулс бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ховор, ховордсон ан амьтан, ургамал оршин байдаг. Тиймээс тус бүс нутгийг цогц байдлаар нь судлах, хамгаалах, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг судлах, ан амьтан ургамлын ховордож буй шалтгааныг тогтоож, тэдгээрийн өсөлт, үржлийн орчин, нөхцөлийг хангах зорилгоор 2011 онд дархан цаазат газар болгосон юм. Энэ жил тус газар нутгийг дархан цаазат газар болгосны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.
Тусгай хамгаалалттай газар нутаг, цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаа өргөжүүлэн хамгаалж, хойч үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой байгаль хамгаалагчдын ажил үүрэг саадгүй байх болтугай.