"Монгол Экологи Төв”-ийн санаачилгаар анх 2014 онд эхэлсэн “Rally for Rangers” хөтөлбөрийн 10 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутагт байгаль эх дэлхийгээ хамгаалан ажиллаж буй байгаль хамгаалагчдыг дэмжин тэднийг шаардлагатай унаагаар хангах зорилготой юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Петровис групп 6 жилийн турш дэмжин хамтран ажиллаж байна. Петровис группийн зүгээс 2018 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг дэмжин тэдэнд шаардлагатай мотоциклийг хүргэх аяллын туршид бүх тээврийн хэрэгслийг шаардлагатай шатахуунаар хангадаг бөгөөд жил бүр нэг мотоциклийг тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид гардуулан өгдөг билээ.
“Rally for Rangers” хөтөлбөрийн 2024 оны ралли 7 дугаар сарын 21-ээс 8 дугаар сарын 03-ны хооронд амжилттай үргэлжиллээ. Энэ удаагийн аяллаар Хөвсгөл аймгийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргааны 15 байгаль хамгаалагч, Хустайн Байгалийн Цогцолборт Газрын 5 нийт 20 байгаль хамгаалагчид Хонда брэндийн XR 190l мотортой чанартай мотоциклыг хүлээлгэн өглөө. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 213 ширхэг мотоциклийг байгаль хамгаалагчид хандивлажээ.