Монгол Улсын Газрын тосны салбарын хөгжилд томоохон тэмдэглэлт үйл явдал тохиож байна. Газрын тосны салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Петроматад ХХК-ийн хамт олны 19 жилийн хөдөлмөрийн үр дүнд газрын тосны түүхийн эдийн олборлолтоо эхэллээ. Дорнод аймгийн Матад сум дахь Петроматад компанийн “Матад XX” талбайн Цэн тогоруу-1 ордын ашиглалтын үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 2024 оны 10 дугаарын сарын 25-ны өдөр болсон юм. Энэхүү газрын тосны олборлолтын нээлтийн арга хэмжээнд “Ашигт Малтмал Газрын Тосны газар”-ын дарга Л.Баярмандал, “Петроматад” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гэрэлт-Од, “Петровис Энержи Групп”-ийн ерөнхий захирал О.Содбилэг нар оролцож үг хэлсэн юм.
Ингэснээр Петроматад ХХК нь цаашид газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж буй газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангахаар зорьж байна.
Петровис Группийн хөрөнгө оруулалтаар 2005 онд байгуулагдаж байсан Петроматад ХХК нь Монгол Улсын Засгийн Газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тосны хайгуулын Матад XX талбай, 2009 онд Богд IV, Онги V талбайд тус тус газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Нийт 19 жилийн хугацаанд Петроматад ХХК нь Богд IV, Онги V, Матад ХХ 3 талбайн хэмжээнд нийт 21 цооног өрөмдсөн ба эдгээрээс 7 цооногт туршилтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр бүх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхэд зориулж гадаад дотоодын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагч нараас нийт 120 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт босгон зарцуулжээ. Түүнчлэн Петроматад ХХК нь БХГ-ээр хүлээсэн үүргээ ухамсарлан улсын татвар, хураамж, шимтгэлийг хуулийн дагуу цаг хугацаанд нь төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд БХГ-нүүдийн нийт төлбөрт 18,9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 8,2 тэрбум төгрөг төлөөд байна. Петроматад компани өнгөрсөн хугацаанд орон нутгийг дэмжих үйл ажиллагаанд зориулан нийт 2.1 тэрбум орчим төгрөгийг тухайн орон нутагт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хийж гүйцэтгэх замаар зарцуулсан байна.