“Чулуут Тул” НҮТББ-ын загас судлаачид хамтран Архангай аймгийн Тариат суманд 2019 оноос “Чулуут Тул 2030” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Петровис Групп гурав дахь жилдээ уг төслийг дэмжин ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт, цөлжилт, хүний буруутай үйл ажиллагаануудын улмаас тул загасны тоо толгой эрс хорогдож, устаж үгүй болох эрсдэл үүссэн. Үүнээс гадна Чулуут голын сав газрын хэмжээнд ховор болон агнуурын жараахайн зүйлийн загас эрс ховордож, Монгол Улсын Загасны Улаан дансанд орж, аюулд орсон ангилалд бүртгэгдсэн байна. Тиймээс “Чулуут Тул” НҮТББ-ын хамт олон чулуут голын сав газарт тархсан 12 төрөл зүйлийн уугуул загаснуудыг хамгаалахаас гадна сүргийн бүтэц, тархалтыг шинжлэх ухааны судалгаа тооцоон дээр үндэслэн, бүс нутгийн хэмжээнд устаж, ховордож буй загасны төрөл зүйлийг зориудын аргаар өсгөх замаар сав газрын загасны нөөцийг хэвийн хэмжээнд хүргэхээр төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Петровис Группийн зүгээс Чулуут голын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, ирээдүйд учирч болох сөрөг нөлөөлөл, устах аюулаас ховор загас тулыг аварч хамгаалах, түүний идэш, тэжээл болох хадран, зэвэг, жараахайн загаснуудыг зориудын аргаар өсгөн үржүүлж, сэргээн нутагшуулах зорилгоор “Чулуут Тул 2030” төслийн багтай хамтран, төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн үйл явцад зарцуулагдах шатахууны хэрэгцээг Петровис Групп гурав дахь жилдээ ханган, нэн ховордсон загас хамгаалах, тоо толгойг үржүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
“Чулуут Тул” төсөл нь жил бүр загас үржүүлгийн нөөц бололцоогоо нэмэгдүүлсээр байгаа бөгөөд 2019 онд 230.000, 2020 онд 730.000, 2021 он буюу гурван жилийн хугацаанд нийт 1.230.000 загасыг үржүүлээд байна. 2030 он хүртэл үргэлжлэх төслийн хугацаанд нийт 15 сая загас үржүүлэхээр зорьж байна.